
Сүнсний сэрэлт
ХОВСЫН ЭМЧИЛГЭЭ ба МОНГОЛ БӨӨ МӨРГӨЛ
11. БОДЛЫН АМЬ БА БОДЛЫН ХҮЧ, ТҮҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ
СУРГАЛТЫН АГУУЛГА
БОДОЛ ХӨГТЭЙ БАС АМЬТАЙ БА ҮҮСЛИЙН ЭРЧИМ
Хэн нэгний тухай үзэн ядаж бодвол үзэн ядалтын эрчмийг үүсэлт орон зайнаас нь авч байдаг. Ийм эрчим тамын ертөнцөөр дүүрэн бий. Эсвэл өөрт байгаа эрчмийг хувиргаж байдаг.
Үүсэлт эрчим гэдэг ойлголтыг ер мартаж болохгүй. Мөн далд ухамсрын орон зайд байгаа үзэн ядалтын бяцхан эрчмийг бусад эрчмээр сүлэлдүүлэн өсгөвөрлөдөг. Ингэж ярихаар бусад хүний бодол ч бидний усан тархинд, бодолд нөлөөлдөг үү гэж хүмүүс асуудаг.
Эрчим, мэдээллийн эрчим нь нэгэн хэмнэл долгионд нийцэхгүй бол нөлөөлөхгүй. Үүслийн эрчим нь ижилсэхгүй бол бас нөлөөлөхгүй. Харин ижилсвэл нөлөөлнө. Бидний бодолтой, бодлын эрчимтэй эрчим хэмнэл нийцдэг бодгалиуд хаа сайгүй л бий. Бодлууд ижилсвэл эрчмүүд ижилсэх боломжтой. Тэгэхээр бид нэг нэгийгээ бодлоороо удирдах боломжтой юу гэсэн асуулт бас дахиад л урган гарна?
Нэг талаас боломжтой, нөгөө талаас боломжгүй. Боломжгүй гэдэгт бодлын бие, бодлын хамгаалалт, дархлаа гэдэг ойлголт энд яригдана.
Бид бодлын ертөнцөд амьдарч буй. Бодол бүхэн авиа хөгтэй гэж өвгүд хэлдэг. Ямарваа нэг зүйлийг бодоход бодлын тархины эрчмүүд хувирч, өөрчлөгдөж байдаг. Цахилгаан соронзон, эрчмийн сул ба хүчтэй харилцан үйлчлэл, таталцлын хүч, өнгө гэрэл, үнэр амт гэх мэтчилэн өөрчлөгдөнө.
Энэ цагийн физикийн ойлголтоор 4 хүчний үйлчлэл дор эрчим хувирч, өөрчлөгддөг зүйл тогтол энд яригдана. Мөн энэ үед химийн урвал явагдах учир химийн энерги хувирч байдаг. Бодож байхад тархинд фотоны эсвэл электроны урсгал явагдах учир цахилгаан энерги цаашлаад механик энерги, дулааны энерги болж хувирах жишээтэй.
Тархины эсийн дотор, эс хооронд эрчмийн задрал, нийлэгжил, сарнил, хувирал явагдах бүрд маш бага чичирхийлэлтэй ультра авиа, хөг бий болдог. Эсийн амьсгал, эрхтэнцрүүдийн хөдөлгөөн, цитоплазм доторх урвалууд гэх мэтчилэнгээс энэ бүхэн үүсэлтэй байна. Бидний биеэр дүүрэн эс буй. 2013 оноос хойш хүний бие 37.2 их наяд эстэй гэх болсон. Зарим нь 70 их наяд ч гэж буй.
Эсийн өсөлт, хөгжилт, хуваагдал, хэвийн амьдралд хүчил шүлтийн орчин рН, азот, нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн орчин, дулаан, чийгшил, гэрэл нөлөөлдөг ч энерги, чичирхийлэл, хэлбэлзэл хамгийн чухал (НикольТесла).
БОДОЛ АМЬТАЙ
Хэдийгээр хүн бид бодож байгаа ч бодлын мэдээллийг тархины эсүүд гүйцэлдүүлж байгаа. Тархины эсүүд бодлын эрчмийг хүлээн авч, зөөвөрлөж, хариу үйлдэл үзүүлж буй Бодлын ямар эрчмээр эсэд нөлөөлнө, эс тийм эрчимтэй холбогдож эсвэл тийм эрчмээр өдөөгдөж буй.
Бодол биелдэг гэж ярьдаг. Энэ үнэн. Учир нь бодол өөрөө амьтай юм. Бодол нь аминаас, амьтай эд зүйлээс, амьтнаас, хүнээс, амьд оршихуйгаас үүсэж буй учир амьтай.
Энэ нь надаас үүсэж буй учир миний бодол амьтай гэсэн үг биш. Бодолд сэтгэл шингэж буй учир амьтай. Яагаад сэтгэл амьтай гэж? Монголчууд сэтгэл гэдэг үгийг маш элбэг хэрэглэдэг. Чин сэтгэл, халуун сэтгэл, үнэн сэтгэл, нинжин сэтгэл. Сэтгэлийг нь хурааваас бие нь хураагдана. (Чингис хаан).
Бурхан багш сэтгэлээр үйлдэгч 3 нүгэлд хүсэл шунал, хорон санаа, буруу үзэл гурвыг багтаасан. Хүн бүр сэтгэл зүрхтэй. Сэтгэл зүрх гэдэг үг холбоо үг. Муухай сэтгэлтэй хүн гэж хэлдэг ч муухай зүрхтэй хүн гэж хэлэгддэггүй. Мөн сэтгэлгүй хүн, сэтгэлтэй хүн гэж ярьдгаас үзэхэд сэтгэл махан бие хоёр тусдаа, саланги зүйл гэсэн ойлголт байна.
Бидний өвгүд сэтгэлийг сүнстэй холбодог. Сүнсний галыг сэтгэл гэж үздэг. Сүнс нь гал дөлгүй хүнийг хүйтэн сэтгэлтэй гэнэ. Сүнс нь гэрэл гэгээтэй бол халуун сэтгэлтэй гэнэ. Сүнс махан биед амийг тогтоон барих үүрэгтэй ба үүний тулд эрчмийн их хуралдайтай байна.
Эрчмийн хуралдайт энэ биеийг сэтгэл бие гэж нэрийддэг. Сүнс нь хүчтэй хүнийг сэтгэлийн тэнхээтэй, тэмцэгч дайчин хүнийг галтай дөлтэй хүн гэж ярьдаг. Эсвэл сэтгэлдээ галтай гэж бас ярьдаг. Гал гэдэг ойлголтын цаана амь яригддаг. Тэгэхээр сэтгэл амь хоёр салшгүй холбоотой учир хүний сэтгэл шингэсэн, гал шингэсэн бодол бас амьтай, хүчтэй байна.
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Монгол өвгүд дээдэс хийхээсээ хэлэх нь аюултай, хэлэхээсээ бодох нь аюултай гэдэг нь сэтгэл шингэсэн бодол маш хүчтэй амьтай гэдгийг мэдсэн учир тэгж хэлдэг байжээ.
Үг ч мөн амьтай, бас үүтгэгч эрчимтэй, үүсгэсэн эзэнтэй. Эзэн нь сүнстэй буй. Сүнс нь амьтай буюу сүнсний галтай буй. Бүүвэй гэдэг үгийг эх хүн үрдээ хэлэхдээ бүү ай, ээж нь энд байна, бүү ай, айх зүйл алга гэсэн санаагаар анх зохиож, хэлсэн. Тэгэхээр энэ үгийн амь нь эхийн хайр байгаа.
Эрчим нь эхийн хайраас, бодлоос хөглөгдөн гарч буй эрчим. Үгийг хэлэхдээ ямар бодол, сэтгэл шингээж буйгаас хамаарч тухайн үгийн амь, эрчим хувирна. Сайхан үгийг муу зүйл бодож хэлбэл муу эрчимтэй үг болно. Хайр гэдэг үгийг үзэн ядсан бодол агуулан хэлбэл үзэн ядалтын эрчим шингэсэн муу үг болно. Бодлын амь ба бодлын хүч, түүнийг хөгжүүлэх, бодлын биеийг хүчжүүлэх дасгал, дадлага заана.
